2011-02-17 - Намрын улирал

Намар цаг гадаа иржээ. Харсан зүг бүхэн алтан дэлхийн шар мандал долгиотон өвс салхины аясаар исгэрэн шуугих авай. Хээр уулын хөтлөөр хөтөлгөө морьтой хүмүүн дарцаглан хийссээр давж одно. Зүсэрсэн урт бороо орж хангай дэлхийн өнгийг угаан сэгсэрнэ. Гэрийн яндан хонгинуулан салхин жимбүүрдэнэ. Намрын өнгө захаасаа тийм л ажгуу. Малгай шатаам хурц халуун нарнаас айхын зовлонгүй сэрүүн тунамал намар цагийн сайханд амарч зугаалах хүмүүн ч цөөнгүй. Эх нутгийг маань зорин зүглэх гадаад ертөнцийн зүсэн зүйлийн хүмүүний бараа ч тасрахгүй цувсаар л байнам. Дэлгэр сайхан намрын өнгийг тольдож Архангай нутаг руу зүглэвээс өмнөөс байгаль, түүх, соёлын ямар ахуй анир тосч угтах нь бас сонин юм. Зүгээр л айраг, дарс эргүүлж явахыг амралт гэхээсээ илүү ядрал хэмээн нэрийддэг болсон. Тэрэн дор очсон газрынхаа сонин сайхныг хэрэг болгон эргүүлдэж яваад буцах нь хамаагүй сайхан амралтыг өгдөг.
